Saturday, December 18, 2010

күнз

                Дэлхийн суут арван сэтгэгчдийн нэг Күнзийн амьдрал,
                         уран бүтээл
Зарим хүн амьд атлаа үхсэн мэт, зарим хүн нэгэнт үгүй атал амьд мэт
Тив, тивийн хүн ардын сэтгэл зүрхэнд мөнхрөн, үг сургаал  эш номлол нь мянга мянганы их урсгалд элэгдэж хуучралгүй харин улам өнгө гэрэл нэмэн, уламжилсаар өдгөө бидний үед хүрч ирсэн  чухамхүү мөнхөд “амьд мэт”  их мэргэдийн нэг бол 2500 гаруй жилийн өмнө амьдарч бүтээж асан эртний Хятадын их сэтгэгч соён гэгээрүүлэгч, суут мэргэн Кунз юм.
       Кунз христийн (нийтийн) тооллын өмнөх 551 онд / “МЭӨ” “манай тооллын өмнө” гэж бичиж ярих нь угтаа буруу юм М.Ч/Лу хэмээх ханлиг улсын Чү Фу хэмээх  газар (одоогий шаньдун мужийн Чү ФУ хот) төрж, 479 онд 73 насандаа таалал төгссөн хэмээн түүх шашдирт тэмдэглэгдэн үлджээ. Өргөмжилсөн нэр нь Жун Ни.
      Кунзийн өвөг дээдэс нь  Сүн улсын  язгууртны удам угсаа байсан хэдий ч, доройтон буурсаар Күнзийн 5-р үеийн өвөг Сүн улсаас  дутаан, Лу улсад дагаар ирж суусан ажээ. Гэсэн ч кунзийн эцэг Шү Лянь Хэ цэргийн дайчин эр байж, 2  ч удаа гавъа байгуулж, бага шиг түшмэлийн алба хашиж явжээ. Шү Лянь Хэ удам залгах хүүтэй болохыг ихэл хүсэвч, авааль эхнэр нь хэдэн охин төрүүлсэн ажв хоёр дахь эхнэр нь нэг хүү төрүүлсэн авч, хяслантай нь өрөөл татанхай төржээ. Энэ үед Шү Лянь Хэ нас сүүдэр хэдийнээ 66 хүрсэн авч, хүүтэй болохын хүслэнгээр дахин эхнэр авч, залуу эхнэр Ян Жэн нь 1 хүү төрүүлсэн нь хожимийн сод мэргэн Күнз байжээ.
       Күнзийг 3 настай балчир байхад эцэг нь тэнгэрт хальж, өнөр гэрт зовлон нүүрлэжээ. Бэлбэсэрч хоцорсон гурван эхнэр, өнчирч үлдсэн арваад хүүхдийн эв түнжин өдөр ирэхгүй эвдэрэн  хагарч буйг ажиж мэдэрсэн Күнзийн эх хүүгээ аван гэрээсээ гарч явсан ажээ. Залуу эх зовлон зүдгүүр дундуур туучсаар хүүгээ өсгөж, эрийн цээнд дөнгөж хүргээд 17 настайд нь өөрөө цаг бусаар нас нөгчижээ. Эцэг эхээс эрт өнчирсөн залуу хүү хорвоогийн хатуу зовлонгоос хаагуур нь хаагуур нь зайлах билээ. Тиймээс ч Күнз “Би хар багаасаа ядуу доорд явж, хатуу хүтүү бүхнийг сурсан билээ”  (9-6) гэж өгүүлсэн байдаг. Тэр амьдрахын эрхээр амьтан хүний найр наадам, бэлбэсрэл гашуудлын үйл дээр бүрээ үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг тэр үеийн хар бор ажилд нухлагдаж явсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.
Күнз бага насандаа эрдэм боловсрол хэрхэн олсон тухай ном бичигт төдий л тодорхой тэмдэглэгдэн үлдсэнгүй. “Би эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй билээ. Эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олсон бөлгөө” хэмээн өгүүлсэн байдаг. “Эгэл дороос суран сурсаар эрхэм дээдэд нэвтрэв” хэмээсэн ч бас буй. Тэр цагт ёслол, хөгжим, харвах намнах, цэргийн тэрэг хөтлөх, хэл бичиг, тоо бодлого зэргийг  “Зургаан эрдэм” хэмээн нэрлэдэг, эрдэм номд эхлэн суралцагчид юун түрүүнд тэрхүү зургаан эрдэм хэмээгчийг хичээн сурдаг байсан агаад Күнз ч түүнд суралцсан нь лавтай. Тахилгын сүмд ирвээс алив учрыг ямагт асуун лавладаг, хүмүүс түүнийг ёс мэддэг хэмээн хөхүүлэхүйд “ Энэ бол ёслол” хэмээн хариулсан байдаг. Ер нь Күнзийн суртал номлолд ёслол, хөгжим, харвах наманх, цэрэг дайны хэрэг явдлын тухай өгүүлсэн нь цөөнгүй тааралдана.
Би 15 насандаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг  таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. хэмээсэн нь чухамдаа нэг насны туулж өнгөрүүлсэн амьдралаа хураан өгүүлжээ гэлтэй.
19 настайдаа Цы Гуан хэмээх бүсгүйг эхнэр болгон авч, жилийн дараа хүүтэй болжээ. Хүү Күү Ли нь 50 настайдаа нас нөгчсөн ажээ.
30 настайдаа өөрийн номын сургуулийг байгуулж, хэдэн арван жил хичээн зүтгэсээр, шавь нарынх нь тоо 3000 хүрсэн агаад түүнээс ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүх шастирт тэмдэглэгдэн үлдсэн байна.
Күнз бүхий л амьралаа уламжлалт соёлыг сэргээх, сайн ёс суртахууныг номлох, түгээн дэлгэрүүлэх, хүн ардыг соён гэгээрүүлэхэд зориулсан ажээ. Өтөл насандаа нангиадын соёл, утга зохиолын сор сонгодог 6 бүтээл болох яруу найргийн Шүлэглэлт ном. төр засаглалын “Засагт ном”, ёс суртлын “ Ёслолт ном”, хөгжмийн “Хөгжимт ном”, түүх шашдирын “ Хавар намар” зэргийг эмхэтгэн цуглуулж, ариутган шүүж, бичиж туурвин өвлүүлжээ.
“ Цаг хугацаа урсан одохуйд нас хүмүүнийг үл хүлээхийн”  жам ёсоор эрдэмт шавь нар нь өтөлж, Күнзийг 69 настайд энэрэлт хүү Күн Ли нь нас нөгчжээ. 71 настайд нь эрдэмт шавь Ян Хуй, 72 настайд нь Жун Ю нар нь ар араасаа бурхан болов. Насан өндөр болсон Күнз уй гашууд автан бие лагшин нь чилээрхсээр Христийн тооллын өмнөх 479 онд 73 нас сүүдэр дээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлж, тэнгэрт хальжээ.             

No comments:

Post a Comment